Монгол Улсад хэрэгжүүлэхээр судлаж буй төслүүдийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүд Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулагдав

share tweet

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судлаж буй төслүүдийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүд Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулагдав

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судлаж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн болзошгүй нөлөөллийн талаарх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүд  Бүгд Найрамдах Буриад Улсад зохион байгуулагдав


Бүгд найрамдах Буриад Улс2017 оны 03-р сарын 31—Буриад улсын нутаг дэвсгэрт 2017 оны 3-р сарын 20-31-ний өдрүүдэд зохион байгуулсан нийт 11 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн  засаг захиргааны байгууллагуудыг төлөөлсөн 1300 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийг БНБУ-ын Байгалийн нөөцийн яамны дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс Буриад улсын Наушк, Улаан-Үд, Тарбагатай, Горячинск, Усть-Баргузин, Турунтаево, Кабанск, Северо-Байкальск, Гусино-Озерск, Нижнеангарск зэрэг хот, тосгон, суурин газруудад зохион байгууллаа.

Хэлэлцүүлгүүд нь  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр судлаж буй “Шүрэнгийн Усан цахилгаан станц” болон “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ) , Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ) –ний Ажлын даалгаврын төслийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй Буриадын ард иргэдийн дунд хэлэлцүүлэх, тэдний санал, зөвлөмжийг хүлээн авах зорилготой зохион байгуулагдсан.

 Хэлэлцүүлгүүд нь ОХУ-ын олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулахтай холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн банкны бодлогын дагуу ил тод, нээлттэй явагдсан болно.  ОХУ-ын хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцүүлэг хийгдэхээс 30 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон төслийн вэб хуудсаар зарыг түгээж орос хэл дээрх хэлэлцүүлгийн материалыг орон нутгийн засаг захиргааны байр, номын сангуудаар дамжуулан иргэдэд урьдчилан хүргүүлсэн.  Урьдчилан тараасан материалууд дотор ажлын даалгаврын төсөл, техникийн болон техникийн бус хураангуй, бусад товхимолууд багтсан.

Хэлэлцүүлэгт Монгол улсын эрчим хүч болон усны салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн  баг оролцож, тухайн төслүүдийн зорилго, үндэслэл, урьдчилсан судалгааны ажлын үр дүн,  хүлээгдэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.

Хэлэлцүүлгийн явцад ард иргэдийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуулт тавих боломжоор хангасан  бөгөөд оролцсон иргэдийн хувьд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний усны түвшин буурах, үүнээс үүдэлтэйгээр  амьжиргааны эх үүсвэр болсон загасны тоо толгой буурах, худгийн усны түвшин буурч, тариалан эрхлэх боломж хомсдох зэрэг асуудлуудад хамгийн ихээр санаа зовниж байгаагаа илэрхийлж байсан. Мөн зарим иргэд хаврын шар усны үерийн улмаас голын хөндий үерлэх эрсдэлтэй байдгийг сануулахын зэрэгцээ төслүүдийг эсэргүүцэж байгаагаа мөн мэдэгдэж байв.

Хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжүүд дотор БНБОҮ-ээг тусдаа ажлын даалгаврын дагуу хийх, БНБОҮ-ний хүрээнд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлж болзошгүй нөлөөлөл, Сэлэнгэ мөрний сав газар хэрэгжих магадлалтай бүх төслүүдийн хуримтлагдах нөлөөллийг цогц байдлаар үнэлэх, эрчим хүч болон ус хангамжийн эх үүсвэрийн бусад боломжит хувилбаруудыг харьцуулан судлах  зэрэг саналууд  багтаж байв.    

Хэлэлцүүлгийн явцад хүлээн авсан санал зөвлөмжид дүгнэлт хийж, боломжит саналуудыг БНБОҮ/ БОННҮ-ний ажлын даалгаварын төсөлд тусгах байдлаар ажлын даалгаврыг шинэчлэн сайжруулна. Саналуудыг тусгасан, эсвэл тусгаагүй үндэслэлийг тайлбарласан хариултын хүснэгтийг шинэчилсэн ажлын даалгаврын  хамт төслийн вэб хуудасд байршуулж, олон нийтэд нээлттэй болгоно.

Иргэд, олон нийт Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн цахим хуудас (http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас) болон шуудан ( admin@minis.mn), Буриадын орон нутгийн засаг захиргаа болон номын сангуудаар дамжуулан ажлын даалгаврын төслүүдэд нэмэлт санал, зөвлөмжийг хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 30 хоногийн турш ирүүлэх боломжтой.

Хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинэчилсэн ажлын даалгаврын дагуу хийгдэх судалгааны хүрээнд Монгол улс болон ОХУ-ын холбогдох газар нутгийг хамруулан төслүүдээс үзүүлж болох бүх төрлийн нөлөөллийг судлах бөгөөд  үүний дотор Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөллийг судлана. Судалгаа хийгдэх явцад үнэлгээний тайлангийн төслийг хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн нэмэлт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Эдгээр судалгааны ажлуудыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

 Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь дэд бүтцийн төслүүдийг   боломжит хөрөнгө оруулалтад бэлтгэхийн тулд олон улсын стандартад нийцсэн судалгааны ажлуудыг хийж, дотоодын чадавхийг бэхжүүлэхэд Монгол улсад туслалцаа үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд зөвхөн техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажлуудыг санхүүжүүлдэг юм. Харин төслүүдийг санхүүжүүлдэггүй болно.

Эдгээр төслүүдийн талаар болон хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл авах бол дараах цахим хуудсанд хандана уу:  www.minis.mn.

Холбоо барих хаяг: О.Алтай, Олон нийтийн харилцаа, мэдээллийн ажилтан, УУДБХОДТ, Төсөл хэрэгжүүлэх нэгж (+976 70112689; altai@minis.mn болон admin@minis.mn)

_______________________________________________________________

Шүрэнгийн УЦС-ын төсөл: Энэхүү төлөвлөж буй төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж,  ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол улсыг тогтвортой болон найдвартай  эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах болон Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилтуудыг агуулж буй юм. Төсөл хэрэгжих байршил нь Монгол улсын хилээс 150 км, Байгаль нуураас 550 гаруй км зайд оршино.

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл: Энэхүү төлөвлөж буй төсөл нь Орхон гол дээр боомт барьж, ус хуримтлуулах замаар Монгол орны Өмнөд бүсийн ус хангамж, уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах, ингэснээр Монгол улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Төсөл хэрэгжих байршил нь Монгол улсын хилээс 30 гаруй км, Байгаль нуураас 700 гаруй км зайд оршино. Орхон гол нь Сэлэнгэ мөрний цутгал гол бөгөөд цааш Байгаль нуурт цутгадаг.