ХНҮ-ний судалгааны ажлаар орон нутагт ажиллалаа

share tweet

ХНҮ-ний судалгааны ажлаар орон нутагт ажиллалаа

Дэлхийн банк, МИНИС төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж болон Зөвлөх багийн төлөөллөөс бүрдсэн баг 2018 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2–ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Улаанбаатар хот болон Багануур дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдтэй Таван толгой болон Багануурын нүүрсний уурхайн бүс нутгийн Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төслийг сайжруулахад шаардлагатай нэмэлт мэдээ, мэдээллийг олж авах, санал солилцох зорилгоор уулзалт,  ярилцлага хийлээ.  



Таван толгойн уурхайн бүс нутгийн хэмжээнд хийсэн уулзалтуудын хүрээнд орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсрол олгох байгууллага болон цагдаагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн үйл ажиллагааны улмаас нөлөөлөлд өртөж буй Цагаан-Овоо багийн нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тухайн бүс нутагт тоосжилт их байгаагаас амьсгалын замын өвчлөл ихэссэн, өөр сумдаас отрын малчид тухайн бүс нутагт ирж суурьшсаар байгаа нь орон нутгийн бэлчээр, усны асуудлуудыг илүү хүндрүүлж байгаа, уурхай малчид усаа тэгш хуваарилах зарчмаар ашиглах хэрэгтэй, уурхайн нүүрс тээвэрлэж буй хүнд даацын ачааны машинууд шороон зам ашигласнаас олон салаа зам бий болон тоосжилтыг нэмэгдүүлж, зам тээврийн ослын тоог ихэсгэн бэлчээрийн талхагдал бий болгож байгаа сөрөг нөлөөллүүдийг ХНҮ–ний хүрээнд авч үзэхийг санал болголоо.



Багануурын уурхайн бүс нутгийн хэмжээнд хийсэн уулзалтуудын хүрээнд бүс нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй болон хэрэгжиж буй төслүүдтэй холбоотойгоор гадаад болон дотоодын ажиллах хүчний тоо нэмэгдэх хандлагатай байгаа болон нарийн мэргэжлийн мэргэжилтэнг орон нутагтаа бэлтгэх, шинэ эмнэлэг, эмнэлгийн өргөтгөл барих, түргэн тусламжийн  үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа талаар уулзалтанд оролцсон талууд илэрхийлсэн.



Мөн Багануурын нүүрсний уурхайн шүүрлийн усыг Багануур дүүргээс 5 км-ийн зайд баригдах дулааны цахилгаан станцын  үйл ажиллагаанд ашиглах боломжийг судлах, үүнтэй холбоотойгоор үүсч болзошгүй байгаль орчин, нийгмийн эерэг болон сөрөг нөлөөллүүдийг авч үзэх, Хэрлэн голын усыг ашиглахтай холбоотойгоор үүсч болзошгүй эерэг болон сөрөг нөлөөллийг судлах, Багануурын уурхайгаас олборлож буй нүүрсний ураны агууламжийн асуудлыг тодорхой болгох, малчдад үүсч болзошгүй сөрөг нөлөөллийг үнэлэх гэх мэт асуудлуудыг ХНҮ–нд тусгах талаар зөвлөлөө.



 МИНИС-ийн зүгээс эдгээр оролцогч талуудын өгсөн санал, зөвлөмжүүдийг ХНҮ-ний хүрээнд судалж үзэх болно.