Орон нутагт Орхон, Шүрэнгийн төслүүдийг хэлэлцэв

share tweet

Орон нутагт Орхон, Шүрэнгийн төслүүдийг хэлэлцэв

Монгол Улсад хэрэгжүүлэхээр судлаж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн болзошгүй нөлөөллийн талаарх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгүүдийг зохион байгуулагдав

 Улаанбаатар хот,  2017 оны 07 сарын 07 —Төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нутаг дэвсгэрт 2017 оны 06-р сарын 28-ны өдрөөс 07 сарын 03–ны өдрийн хооронд зохион байгуулсан нийт 19 удаагийн олон нийтийн хэлэлцүүлэгт иргэд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн  засаг захиргаа болон шинжлэх ухаан байгууллагуудыг төлөөлсөн 1000 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлал болон Эрчим хүчний яамдуудын дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс зохион байгуулав.

Хэлэлцүүлгүүд нь  Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр судлаж буй “Шүрэнгийн Усан цахилгаан станц” болон “Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах” төслүүдийн Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ (БНБОҮ), Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ (БОННҮ)–ний Ажлын даалгаврын төслийг төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй орон нутгийн ард иргэдийн дунд хэлэлцүүлэх, тэдний санал, зөвлөмжийг хүлээн авах зорилготой зохион байгуулагдсан.

Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан сумд, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хулд, Луус, Гурвансайхан, Дэлгэрхангай сумд, Өмнөговь аймгийн  төв Даланзадгад хот,  Өмнөговь аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Даланзадгад сумд, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон, Хангал сумд, Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгоны Сэлэнгэ мөрөн баг, Булган аймгийн Сэлэнгэ сумын Сангалтай, Цүүц,  Ингэт толгой багууд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хушаат, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Баруунбүрэн сумд зэрэг 5 аймгийн 25 сумд, Эрдэнэт болон Улаанбаатар хотуудыг  хамруулан зохион байгууллаа.

Хэлэлцүүлгүүд нь Дэлхийн Банкны бодлогын дагуу ил тод, нээлттэй явагдлаа. Дэлхийн Банкны дүрэм журманд заасны дагуу хэлэлцүүлэг хийгдэхээс 14 хоногийн өмнө тухайн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон төслийн вэб хуудсаар дамжуулж хэлэлцүүлгүүд болох тухай зарыг түгээж, хэлэлцүүлгийн материалыг орон нутгийн ЗДТГ болон ИТХ- аар дамжуулан иргэдэд урьдчилан хүргүүлсэн.  Мөн 2017 оны 6 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд МИНИС төсөл, Алтайн Өвөр Говь,  Галба-Өөш, Долоодын Говь болон Умард говийн Гүвээт- Халхын Дундад талын сав газар болон Сэлэнгэ голын сав газрын захиргаад, Булган аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн  нийт 6 баг дээр дурдсан аймаг сумдуудаар биечлэн очиж хэлэлцүүлгийн материалуудыг тараан олон нийтийн хэлэлцүүлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Урьдчилан тараасан материалууд дотор ажлын даалгаврын төсөл, техникийн болон техникийн бус хураангуй, бусад товхимлууд багтсан.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын эрчим хүч болон Байгаль орчны яамдын төлөөлөл болон усны салбарын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдээс бүрдсэн  баг оролцож, тухайн төслүүдийн зорилго, үндэслэл, урьдчилсан судалгааны ажлын үр дүн,  хүлээгдэж буй байгаль орчин, нийгмийн нөлөөллийн судалгааны ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн.

Хэлэлцүүлгийн явцад ард иргэдийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, асуулт тавих боломжоор хангасан  бөгөөд Говийн бүсийн аймгуудад зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн хувьд ОХУ, Бүгд Найрамдах Буриад Улсад говийн нөхцөл байдал ард иргэдийн аж амьдрал хөгжил дэвшлийн талаар мэдээлэл хийх,  төслийн хэрэгжих хугацааг хурдасга, говийн бүс нутгийн бэлчээр, зэрлэг ан амьдын усан хангамжийг нэмэгдүүлэх болон ус дамжуулах хоолойн маршрутын дайран өнгөрөх бүс нутгийн хилийг хязгаарыг    нарийвчлан  тогтоох зэрэг голлох  саналууд гарч байлаа.

Хангайн бүсэд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон  иргэдээс  ус дамжуулах хоолойг тухайн аймаг сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр төлөвлөхөд онцгойлон анхаарах,  усны чанар муу , хатуулаг ихтэй  ус ундны усан хангамжид хэрэглэж байгаагаас өвчлөл их байгаа гэдгийг онцгойлон дурдаад,  аймаг, сумдын ард иргэдийг ундны усны чанарын шаардлага хангасан цэвэр усаар хангах  нь нэн тэргүүний шийдвэрлэх асуудал болохыг онцоллоо. 

Түүнчлэн, урьдчилсан  судалгааны үр дүнгээр боомт барихад хамгийн боломжит  хувилбараар үнэлэгдсэн  Булган аймгийн Хишиг-Өндөр болон Орхон сумдын  нутагт байрлах Хүрмэн Толгойт хавиар нутагладаг малчдын зүгээс энэхүү төслийн хэрэгжилт , тэр дундаа усан цахилгаан станцыг барих нь малчдын амьдрал, мал сүрэг, малын  бэлчээрт хэрхэн нөлөөлөх талаар  онцгойлон асууж байлаа. 

Хэлэлцүүлгийн явцад хүлээн авсан санал зөвлөмжид дүгнэлт хийж, боломжит саналуудыг БНБОҮ/ БОННҮ-ний ажлын даалгаврын төсөлд тусгах байдлаар ажлын даалгаврыг шинэчлэн сайжруулна. Саналуудыг тусгасан, эсвэл тусгаагүй үндэслэлийг тайлбарласан хариултын хүснэгтийг шинэчилсэн ажлын даалгаврын хамт төслийн вэб хуудасд байршуулж, олон нийтэд нээлттэй болгоно.

Иргэд, олон нийт Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн вэб хуудас (http://www.minis.mn/mn/санал-авах-хуудас), цахим шуудан  (admin@minis.mn)төслийн нэгжийн утасны дугаар ( 70112689)  болон дээр дурдсан аймаг, сумдуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд байршуулсан санал авах хуудсаар дамжуулан ажлын даалгаврын төслүүдэд нэмэлт санал, зөвлөмжийг хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаас хойш 14 хоногийн турш ирүүлэх боломжтой.

Хэлэлцүүлгүүдийн дараа ажлын даалгаврыг шинэчлэн батлах ба үүний дараа дээрх судалгаанууд хийгдэнэ. Судалгаанд төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй газар нутгийг хамруулан, төслүүдээс үзүүлж болох бүх төрлийн нөлөөллийг судлах бөгөөд  үүний дотор Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний экосистемд үзүүлэх нөлөөлөл багтаж байна. Судалгаа хийгдэх явцад үнэлгээний тайлангийн төслийг хэлэлцүүлэх зорилгоор олон нийтийн нэмэлт хэлэцүүлгүүдийг зохион байгуулна.

Эдгээр судалгааны ажлуудыг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл нь дэд бүтцийн төслүүдийг   боломжит хөрөнгө оруулалтад бэлтгэхийн тулд олон улсын стандартад нийцсэн судалгааны ажлуудыг хийж, дотоодын чадавхийг бэхжүүлэхэд Монгол Улсад туслалцаа үзүүлдэг бөгөөд энэ хүрээнд зөвхөн техник эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний судалгааны ажлуудыг санхүүжүүлдэг юм. Харин дэд бүтцийн санхүүжилтэд хөрөнгө оруулалт хийдэггүй болно.

Эдгээр төслүүдийн талаар болон хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл авах бол дараах цахим хуудсанд хандана уу:  www.minis.mn.

Холбоо барих хаяг: О.Алтай, Олон нийтийн харилцаа, мэдээллийн ажилтан, УУДБХОДТ, Төсөл хэрэгжүүлэх нэгж (+976 70112689; altai@minis.mn болон admin@minis.mn)

_______________________________________________________________

Шүрэнгийн УЦС-ын төсөл: Энэхүү төлөвлөж буй төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж,  ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол Улсыг тогтвортой болон найдвартай  эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах болон Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилтуудыг агуулж буй юм. Төсөл хэрэгжих байршил нь Монгол Улсын хилээс 150 км, Байгаль нуураас 550 гаруй км зайд оршино.

Орхон гол дээр урсацын тохируулга бүхий ус хуримтлуулах сан байгуулах төсөл: Энэхүү төлөвлөж буй төсөл нь Орхон гол дээр боомт барьж, ус хуримтлуулах замаар Монгол орны Өмнөд бүсийн ус хангамж, уул уурхайн үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хангах, ингэснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Төсөл хэрэгжих байршил нь Монгол Улсын хилээс 30 гаруй км, Байгаль нуураас 700 гаруй км зайд оршино. Орхон гол нь Сэлэнгэ мөрний цутгал гол бөгөөд цааш Байгаль нуурт цутгадаг.